Aaa

Showing posts with label Санхүүгийн үндэс. Show all posts
Showing posts with label Санхүүгийн үндэс. Show all posts

Wednesday, May 4, 2011

Санхүүгийн мөн чанар - Лекц #1

Санхүү гэдэг нэр томьёо нь хэзээ, хаанаас, хэрхэн үүссэн тухай нэгдсэн нэг ойлголт одоогоор байдаггүй байна. Зарим ном хэвлэлд бичсэнээр энэ үг нь латин хэлний financia буюу арилжааны орлого, төлбөр гэсэн утгатай үг бөгөөд 13 дугаар зууны үед Италид хэрэглэгдэх болсон тухай дурдсан байдаг. Мөн санхүү гэдэг нэр томъёог анх шинжлэх ухаанд хэн гаргаж ирсэн гэдэг нь тодорхой бус байна. Францын эрдэмтэн Ж.Боден гэдэг хүн 1577 онд “Улсын тухай зургаан ном” нэртэй ном бичиж, түүндээ улс болон аж ахуйн харилцааны бусад субъектүүдийн хоорондын харилцааг санхүү гэдэг нэрээр илэрхийлсэн байжээ. Үүнээс үндэслэн санхүү гэдэг нэр нь Францаас гаралтай гэж үзэх хандлага нэлээд давамгайлсан юм.
Санхүүгийн тухай шинжлэх ухааны анхны ном нь 1766 онд Ф.Юсти “Санхүүгийн аж ахуйн систем” нэртэй номоо хэвлүүлжээ. Энэ хүнийг санхүүгийн тухай шинжлэх ухааны эхлэлийг тавьсан хүн гэж үздэг. Мөн үүний дараагаар Австрийн Сангийн яамны сайд И.Зонненфельс “Худалдаа, санхүү, цагдаагийн үндсэн эхлэл” хэмээх номыг 1768 онд бичжээ. Ийнхүү санхүүгийн тухай шинжлэх ухааны үзэл бодол, үндэслэл бий болон хөгжиж, 19 дүгээр зуун гэхэд бие даасан шинжлэх ухааны салбар болж чадсан байна.