Aaa

Saturday, May 14, 2011

Макро эдийн засгийн ухааны үндсэн ойлголт, судлах зүйл, арга хэрэгсэл - Лекц #1

Эдийн засгийн ухаан нь нийгмийн хөгжил, дэвшлийн явцад бүтэц, тоо хэмжээний хувьд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хувь хүний болон нийгмийн хэрэгцээг дээд зэргээр хангахын тулд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал нөөцийг хэрхэн оновчтой ашиглах тухай асуудлыг судалдаг онолын шинжлэх ухаан билээ. Гэхдээ тэрээр судлах зүйлээ макро, микро гэсэн хоёр түвшинд авч үздэг юм.
Макро эдийн засгийн ухааны үүсэл, судлах зүйл
Макро эдийн засгийн ухааны үүсэл: Эдийн засгийн нөөцийг үр ашигтай ашиглах тухай асуудал эдийн засгийн аль ч тогтолцооны үед байнга үүсч байдаг билээ.
Эдийн засгийн харилцаанд оролцогч үй олон субъектуудийн үйл ажиллагааг хувийн эрх ашиг хэмээгч үл үзэгдэгч гар зохицуулж байдаг талаар одоогоос 230 гаруй жилийн тэртээ Шотландийн эдийн засагч А.Смит “Үндэстний түмний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ өгүүлсэн байдаг. Хувийн эрх ашиг нь ашиг орлого олох замаар баялагаа арвижуулах гэсэн хувь хүний хүсэл эрмэлзлэлээр илэрдэг аж.


Үнэхээр ч хүн бүр хөрөнгө зоорио арвижуулах замаар аж амьдралаа дээшлүүлэхийг байнга зорьж байдаг билээ. Гэхдээ үүний тулд заавал бусдад хэрэгтэй зүйлс бүтээж арилжаанд оролцох шаардлагтай болдог. Харин нийгэмд юу хэрэгтэй байгаа талаарх мэдээллийг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтөөс олж авдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог болохоор үнийн өсөлт нь тухайн бүтээгдэхүүний хангамж тааруу байгааг, үнийн бууралт нь тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр илүүдэлтэй байгааг, харин үнэ тогтвортой байвал тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр хэр тэнцвэртэй тус тус илэрхийлдэг. Ийм учраас хүмүүс хувийн эрх ашигаа гүйцэлдүүлэхийн тулд зах зээл дээр хомсдолтой байгаа тэр бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход хөрөнгө хүчээ зориулан боломжийн дээд хязгаарт үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд хувь хүн болон нийгмийн аж байдлыг нэгэн зэрэг дээшилдэг аж. Ингэхлээр “үл үзэгдэгч гар”-ын зохицуулалт нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хувиарладаг байна. Эндээс зах зээлийн зохицуулалт л үр ашгийг хангадаг гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл зах зээлийн зохицуулалтын механизм нь төрийн оролцоогүйгээр эдийн засгийн нөөцийн үр ашгийг хангадаг гэсэн үг юм. Ийм онол 1920-иод оны сүүл үе хүртэл давамгайлж байсан. Гэвч 1922-1933 оны Их хямрал уг онолыг мухардалд оруулж, эдийн засгийн гүн гүнзгий уналтын учир шалтгааныг нээн илрүүлж гарах арга замыг эрж хайх зорилтыг судлаачдийн өмнө дэвшүүлсэн юм. Энэ нь орчин үеийн макро эдийн засгийн ухааныг үүсэн хөгжихөд ихээхэн түлхэц болсон юм.
Тэр үеийн судлаачдийн дотроос Английн алдарт эдийн засагч Дж.М.Кейнс зах зээлийн зохицуулалтын механизмийн согогийг илрүүлж улмаар төрийн зохицуулалттай зөв хослуулж зөв хослуулбал эдийн засаг улам бүр ашигтай болж, эдийн засгийн өсөлт хангалттай болохыг 1936 онд нийтлүүлсэн, “Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ нотолсон юм. Ийм учраас Дж.М. Кейнсийг орчин цагийн макро эдийн засгийн ухааныг үндэслэгч хэмээн өргөмжилдөг билээ.
Макро эдийн засгийн ухааны судлах зүйл: Хамгийн ерөнхий утгаар нь авч үзвэл Макро эдийн засгийн ухаан нь эдийн засгийг бүхэлд нь судалдаг. Энэ нь юуны өмнө эдийн засгийн харилцаанд оролцогчдын гаргаж байгаа шийдвэрүүдийг харилцан үйлчлэлд нь авч үзнэ гэсэн үг юм.
Эдийн засаг нь бие биенээсээ үл хамаарсан үй олон нэгжээс бүрддэг бөгөөд тэдгээрийг гүйцэтгэх үүргээр нь юуны өмнө өрх гэрүүд, пүүсүүд гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваан авч үздэг. Өрх гэрүүд нь худалдан авах бүтээгдэхүүн үйлчилгээ болон хөлслүүлэх хөдөлмөрийн талаар, харин өрхүүдийн өмчинд байдаг пүүсүүд нь хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хичнээн хүн хөлслөх талаар тус тус бие даасан шийдвэр гаргадаг. Иймд өрхүүдийн шийдвэр нь нийлбэрээрээ нийт төлөвлөгдсөн зардлыг буюу нийт эрэлтийг тодорхойлдог бол пүүсүүдийн шийдвэр нь гарцын нийт хэмжээ болон нийт нийлүүлэлт болон хувирдаг байна. Ингэхлээр өрхүүдийн болон пүүсүүдийн шийдвэр нь эцсийн дүндээ ажил эрхлэлтийн түвшин, үнийн түвшин, инфляцийн түвшин, үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, түүнчлэн үйлдвэрлэлийн өсөлтийн хурдац, зэргийг тодорхойлдог аж.
Ийм учраас бүрэн ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт, үнийн тотвортой байдлыг хангахуйц байдлаар дээрх шийдвэрүүд уялдан зохицоогүй тохиолдолд ажилгүйдэл, инфляци, эдийн засгийн уналт, хэт халалт зэрэг макро эдийн засгийн асуудлууд үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, өрхүүд, пүүсүүдийн үл хамаарсан шийдвэрүүд хоорондоо авцалдсан эсэх нь макр оэдийн засгийн асуудлууд үүсэх шалтгаан болдог аж. Пүүсүүд болон өрх гэрүүд нь бие биенээсээ үл хамаарсан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч харилцан үйлчлэлээр дамжин бие биендээ заавал нөлөөлдөг бөгөөд энэхүү харилцан үйлчлэл нь Засгийн газрын шийдвэрүүдийн нөлөөнд мөн автдаг.
Нийт эдийн засгийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээний талаарх пүүсүүдийн шийдвэр нь өрхүүдийн орлогыг, тэгэхлээр мөн тэдний зарлагын хэмжээг тодорхойлдог. Харин бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах талаарх өрх гэрүүдийн шийдвэрүүд нь пүүсүүдийн орлогыг, тэгэхлээр тэдний үйлдвэрлэлийн хүчин зүйлс дэхь эрэлтийг мөн тодорхойлдог байна.
Одоо өрхүүд болон пүүсүүдийн шийдвэр хоорондоо авцалдаагүйн улмаас макро эдийн засгийн асуудлууд хэрхэн үүсч болохыг дэлгэрүүлэн авч үзье.
Ажилгүйдэл: Өрхүүд орлоготой болохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хүчин зүйлийн зах зээлд нийлүүлдэг бол пүүсүүд ашиг олохын тулд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг өрх гэрүүдээс худалдан /түрээсэлж/ авч, үйлдвэрлэл зохион байгуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн өрхүүдэд худалдан борлуулдаг болох нь зураг 1.1.1-ээс харагдаж байна.
Ажиллахыг хүссэн хүмүүс ажил олж чадахгүй болсон тохиолдолд л ажилгүйдэл үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ байдал хэзээ үүсч болох вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг. Хэрэв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдохоо байгаад агуулах сав зай завсаргүй болчихвол пүүсүүд үйлдвэрлэлээ хумиж, ажлын байраа хорогдуулж, харин цомхотгогдсон хүмүүс ажилгүйдлийн эгнээнд шилждэг. Энэ нь нийт орлогын хэмжээг бууруулдаг. Үүнтэй уялдаад нийт эрэлт хорогдож, пүүсүүдийн нийлүүлэлт багасч, улмаар ажилгүйдлийн асуудал улам бүр хурцаддаг аж.
Пүүсүүдийн бүтээгдэхүүн борлогдохгүй болохоор үйлдвэрлэл хумигдаж, энэ нь ажилгүйдэл үүсэхэд хүргэж байгаа бол юу эдийн засгийг анхных нь төлөв байдалд буцаан яаж оруулах вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Энэ нь тасралтгүй буурах үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн асуудлыг хэрхэн даван туулах вэ? гэсэн үг юм. Эдгээр асуултуудад макро эдийн засгийн ухаан хариулдаг.
Ажилгүйдэл нь ажилгүй байгаа тухайн хүний хувийн асуудал мэт боловч хөдөлмөр хэмээх хязгаарлагдмал тоо хэмжээтэй эдийн засгийн нөөцийн нэг хэсэг нь үрэгдэж, боломжит бүтээгдэхүүний тодорхой хэсгийг алдаж байгаа болохоор зөвхөн ажилгүй хүн төдийгүй, нийт иргэд хохирход хүрдэг. Иймд ажилгүйдэл нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн болох нь тодорхой байна.
Инфляци: Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци гэж нэрлэдэг. Ийм учраас инфялци нь үнийн ерөнхий түвшиний өсөлтөөр илэрдэг. Одоо энэхүү үзэгдэл хэрхэн үүсдэг вэ? Инфляци нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн үү? гэсэн асуултуудад хариулъя.
Эдийн засгийн бүрэн ажил эрхлэлтийн түвшинд ажиллаж байна гэж бодоё. Энэ нь ажиллахыг хүссэн бүх хүн ажилтай байна гэсэн үг юм. Гэтэл хэрэглэгчид өмнөхөөсөө илүү их хэрэглэхээр гэнэт шийджээ гэж төсөөлье. Ийм тохиолдолд хэрэглээг дагаад нийт эрэлт өсөх нь ойлгомжтой. Үүний хариуд пүүсүүд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх учиртай. Гэвч ашиглагдаагүй нөөц байхгүй, эдийн засаг бүхэлдээ үйлдвэрлэлийн боломжийн хязгаар дээр ажиллаж байгаа болохоор пүүсүүд нийлүүлэлтээ нэмэгдүүлж чадахгүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх шаардлагатай болох нь мэдээж. Эхлээд пүүсүүд “Бүх бараа зарагдсан” гэсэн зарлал өлгөх ч юмуу, эсвэл бүтээгдэхүүн худалдан авахыг хүсч байгаа хүмүүсийн дараалалд оруулан үйлчлэх гэх мэтийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Дараа нь аргаа барж нийлүүлэлтээс давсан эрэлтийг зохицуулахын тулд үнээ нэмэхэд хүрдэг. Энэ нь инфляци үүсэх шалтгаан болдог байна.
Инфляциас тодорхой хувь ч юмуу, эсвэл хэсэг бүлэг хүмүүс хохироод өнгөрдөггүй. Инфляци үүссэснээр нийт эдийн засгийн хэмжээнд үнийн ерөнхий түвшин өсдөг учраас нийт иргэдийн худалдан авах чадвар өмнөхөөсөө буурдаг. Иймд инфляци нь нийт нийгмийн эрх ашгийг хөндсөн асуудал мөн бөгөөд түүнтэй хүмүүс ганц нэгээрээ тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой байна.
Эдийн засгийн өсөлт: Хүн бүрийн туйлын зорилго нь өнгөрүүлсэн амьдралдаа харамсахгүйгээр өөрийн хүсэл, мөрөөдлийг ханган амьдрахад оршино. Гэхдээ үүний тулд эдийн засаг байнга тасралтгүйгээр хөгжин дэвшиж байх учиртай. Энэ нь нийгмийн бүтээж байгаа бялуу жилээс жилд байнга томорч байх учиртай гэсэн үг юм. Ингэснээр энэ бялуунаас хүн бүрт ноогдох хэсэг ч мөн томорч аж байдал нь дээшилдэг. Гэвч төрөл бүрийн шалтгааны улмаас эдийн засгийн өсөлт нь нэг чигийн биш, харин уналт,өрнөлтийг агуулсан хэлбэлзэлт үйл явц байдаг. Үүнтэй уялдаад эдийн засгийн байнгын давшингүй өсөлтийг хангахтай холбогдсон макро эдийн засгийн асуудал үүсч болдог юм.
Даяаршлын үйл явц гүнзгийрч, дэлхийн аж ахуйн нэгдсэн тогтолцоо үүсч хөгжих үйл явц өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд үндэсний эдийн засгийн улам бүр нээлттэй болсоор байна. Ийм учраас эдийн засгийг бүхэлд нь судлахын тулд гадаад эдийн засгийн харилцааны төвлөрсөн илэрхийлэл болох төлбөрийн тэнцлийн асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай болдог.
Төлбөрийн тэнцэл: Улс орнууд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ нэг хэсгийг гадаад орнуудад худалдан борлуулдгийн зэрэгцээгээр өөрсдөө хийдэггүй буюу хийсэн ч өртөг зардал ихтэй бүтээгдэх тийм бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авч дотоодын хэрэгцээнийхээ нэг хэсгийг хангадаг. Түүнчлэн улс орнуудын хооронд төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүд байнга хийгдэж байдгаас гадна зээлэх, зээлдүүлэх үйл явц тасралтгүй өрнөж байдаг. Улс орнуудын хооронд хийгдэж байдаг эдгээр ажилбаруудын үр дүн нь төлбөрийн тэнцэл тусгалаа олдог. Төлбөрийн тэнцэл нь урсгал тооцоо, капиталын тооцоо гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг.
Урсгал тооцоонд бараа үйлчилгээний экспортын орлого,импортын төлбөр, бусдад зээлдлүүлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн орлого, бусдаас зээлсэн хөрөнгийн зээлийн хүүгийн төлөлттэй холбогдсон зардал, төрөл бүрийн тусламж, шилжүүлгүүдийг тус тус бүртгэдэг. Хэрэв экспортын орлого, бусдаас авсан зээлийн хүүгийн орлого, хүлээж авсан тусламж, шилжүүлгүүдийн нийлбэр нь импортын төлбөр, бусад улсад төлсөн зээлийн хүү, шилжүүлгүүдийн нийлбэрэс давж байвал урсгал тооцоо ашигтай, харин дээрхийн эсрэг тохиолдолд бол алдагдалтай байдаг аж.
Капиталын тооцоо нь хоёр улсын нь хооронд хийгдсэн хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгийн урсгалыг тусгадаг.
Урсгал тооцооны алдагдлыг бусад улсаас зээл авах юм уу, эсвэл бусад улсуудад өөрийн баялагаасаа заримыг нь худалдах замаар хаадаг. Харин урсгал тооцоо ашигтай үед илүүдлээ бусад улсуудад зээлдүүлэх, эсвэл тэдний баялагын зарим хэсгүүдийг худалдан авах боломжтой болдог байна. Эндээс харахад урсгал тооцооны алдаглал нь капитал тооцооны илүүдлийг, харин илүүдэл нь капитал тооцооны алдагдалыг тус тус бий болгодог аж.
Урсгал тооцооны алдагдал нь бусад улсаас зээл авах, бүтээгдсэн баялгийнхаа нэг хэсгийг харийнханд худалдан борлуулах зэрэг асуудалтай холбоотой учраас тухайн улсын нийт иргэдийн эрх ашгийг хөнддөг. Иймд урсгал тооцооны алдагдлын учир шалтгаан, үр дагаварыг нээн харуулах асуудал нь макро эдийн засгийн ухааны судлах зүйлд хамаарна.
Макро эдийн засгийн бодлого, түүний арга хэрэгслүүд
Ажилгүйдэл, үнийн ерөнхий түвшний өсөлт, эдийн засгийн мөчлөгт хөгжил, төлбөрийн тэнцэлийн алдагдал зэрэг нь тухайн усын нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байдгийн зэрэгцээгээр дан ганц зах зээлийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэгдэх бололцоогүй гэдэг нь өнгөрсөн зууны 20-иод оны сүүл үеэс тодорхой болсон билээ. Үүнтэй уялдаад эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн жам ёсны асуулт үүсдэг. Энэ нь эдийн засаг дахь төрийн үүргийг “шөнийн манаач”-аас арай өөрөөр авч үзэх шаардлагыг бий болгосон байна. Энд Дж.М.Кейнс түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрээр төр эдийн засгийн бодлогоороо дамжуулан бүрэн ажил эрхлэлтийг хангах бололцоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй нотолсон юм.
Эдийн засагт бүхэлд нь нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагааг төрийн макро эдийн зсгийн бодлого гэж нэрлэдэг. Ийм учраас төрийн макро эдийн засгийн бодлого нь:
·         Бүрэн ажил эрхлэлтийг хангах
·         Инфляцийг хор хөнөөлгүй түвшинд хязгаарлан барих
·         Эдийн засгийн мөчлөгийг тогтворжуулах
·         Урсгал тооцооны их хэмжээний алдагдалаас урьдчилан сэргийлэх
·         Улсын төсвийн алдагдлыг бууруулах
·         Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гэсэн зориулалтуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг байна
Макро эдийн засгийн дээрх зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд төр:
·         Сангийн бодлого
·         Мөнгөний бодлого зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан чиглэсэн зорилготой тодорхой үйл ажиллагаа явуулдаг.
Үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн өндөр түвшнийг хөнгөн ажилгүйдлыг жам ёсны түвшинд, инфляцийг хор хөнөөлгүй хэмжээнд тус тус хязгаарлан барьж, улмаар эдийн засгийн давшингүй өсөлтийг хангах зорилгоор татвар, төсвийн зарлагын өөрчлөлөөр дамжуулан төрөөс эдийн засгийн үйл ажиллагааг удирдахыг сангийн бодлого гэж нэрлэдэг. Энэхүү тодорхойлолтоос харахад татварын болон төсвийн зарлагын өөрчлөлт гэсэн параметрүүд нь сангийн бодлогын үндсэн арга хэрэгсэлүүд болдог нь тодорхой байна. Иймд сангийн бодлогыг явуулахдаа эдгээр арга хэрэгсэлүүдийг хослуулах, угсруулах зэргээр төр эдийн засгийн төлөв байдалд нөлөөлж, чаддаг байна. Гэхдээ сангийн ямар бодлого явуулах нь эдийн засгийн тухайн үеийн төлөв байдлаас шалтгаалдаг. Тухайлбал: Эдийн засгийн идэвхжил саарах зэргээр уналтын шинж тэмдгүүл илэрч байвал засгийн газар татварын ачааллыг хорогдуулах, төсвийн зарлагаа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Харин эдийн засаг сэргээд цаашид хэт халалт бий болох хандлагатай байвал татвар, төсвийн зарлагад дээрхийн эсрэг өөрчлөлтийг оруулдаг аж.
Сангийн бодлоготой ижил зорилготой боловч мөнгөний нийлүүлэлт, хүү зээлийн нөхцлийн өөрчлөлтөөр дамжин хэрэгждэг бодлогыг төрийн мөнгө-зээлийн бодлого гэж нэрлэдэг. Ийм болохоор мөнгөний нийлүүлэлт зээл гэсэн параметрүүд нь мөнгө зээлийн бодлогын үндсэн арга хэрэгслүүд болдог байна. Төрийн энэхүү бодлогыг тухайн улсын төв банк хэрэгжүүлдэг. Үндсэн параметрүүдийг хэрхэн өөрчлөх нь эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна. Тухайлбал, эдийн засгийн уналтын үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, зээлийн хүүг бууруулдаг байхад, хэт халалтын үед эсрэгээр гүйлгээн дэх мөнгөний тоо хэмжээг багасгаж, харин зээлийн хүүг өсгөдөг аж, Эдгээр арга хэмжээний үр дүнд эдийн засаг ерөнхий хандлагыхнаа дагуу өсөх боломжтой болдогийн зэрэгцээгээр үнийн ерөнхий түвшин тогтворждог.
Макро эдийн засгийн онолын урсгалууд
Эдийн засаг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн бүтээх, хувиарлах, солилцох, хэрэглэх явцад хүмүүсийн хооронд үүсдэг харилцааны нийлбэр цогц юм. Энэхүү харилцаанд маш олон тооны субъект оролцдог ч гэсэн тэдгээрийн өрх гэр, пүүс, төр, гадаадын оролцогч гэсэн том бүлгүүдэд хуваан авч үздэг. Энэ нь эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын үйл хөдлөлийг судлахад ихээхэн тус дэм үзүүлдэг.
Эдийн засгийн онолын үүсэл хөгжилд Шотландын эдийн засагч А.Смит түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрээр 1776 онд бичиж нийтлүүлсэн “Үндэстний түмний баялаг” хэмээх алдарт бүтээлдээ эдийн засаг нь баялагаа арвижуулах гэсэн хувь хүний эрх ашиг хэмээх үл үзэгдэгч гараар зохицуулагдаж байдаг бөгөөд энэ нь эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хувиарладаг гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагааны тухай энэхүү сургааль нь Д.Рикардо, А.Маршалл, Пигү, Ж.Б.Сей, Хикс зэрэг судлаачдын бүтээлээр баяжигдан эдийн засгийн сонгодог онол гэж нэрлэгдэх болжээ.
Сонгодог онол: Сонгодог эдийн засгийн онол нь:
·         Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тариф, цалин хөлс, зээлийн хүү, рент зэрэг нь уян хатан байдаг учир тэдгээр нь зах зээлийн өөрчлөлттэй уялдаж маш түргэн өөрчлөгдөх чадвартай байдаг.
·         Цалин үнийн өөрчлөлт нь шаардлагатай мэдээллийг байнга өгч байдаг учраас пүүсүүд юуг, ямар хэмжээтэй үйлдвэрлэхээ төрийн оролцоогүйгээр өөрсдөө зохицуулах бүрэн бололцоотой байдаг.
·         Баялгаа арвижуулах гэсэн хувийн эрх ашиг нь эдийн засгийн нөөцийг үр ашигтай хувиарлан боломжит дээд хязгаарт үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлдэг зэрэг зарчмуудыг удирдлага болгодог.
Дээрхи зарчмуудаас харахад сонгодог эдийн засагчид нь эдийн засгийг өөрөө өөрийгөө зохицуулагч тогтолцоо гэж үзэж байсан нь тодорхой байна. Иймээс ч тэд эдийн засаг дахь төрийн оролцоог шөнийн манаачтай зүйрлэн хязгаарлаж байсан бизээ. Энэхүү онол өнгөрсөн зууны 20-иод оны сүүл хүртэл давамгайлж байсан юм. Гэвч 1929-1933 оны Их хямрал капиталист системийг бүхэлд нь хамарч бараг бүх орны эдийн засаг уналт, ажилгүйдэлд нэрвэгдсэн билээ. Энэ нь сонгодог онолыг мухардалд оруулж онолын шинэ шрсгал гарч ирэхэд түлхэц болсон юм. Макро эдийн засгийн онолын энэхүү урсгалыг Кейнсийн онол гэж нэрлэдэг.
Кейнсийн онол: Энэхүү онолын үндсэн зарчмуудыг Дж.М.Кейнс 1936 онд хэвлүүлсэн “Ажил эрхлэлт, зээлийн хүү, мөнгөний ерөнхий онол” хэмээх алдарт бүтээлдээ томъёолсон байдаг.
Кейнсийнхээр бол цалин үнэ, зээлийн хүү зэрэг нь сонгодгуудын үзэж байсан шиг тийм уян хатан зүйл биш аж. Ийм учраас тэд зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд маш хурдан дасан зохицох бололцоогүй байна. Үүний улмаас эдийн засаг боломжит түвшиндээ байнга тэнцвэржиж чаддаггүй аж. Ийм учраас ажилгүйдэл их, үйлдвэрлэлийн хүчин чадал дутуу ашиглагдаж байх үед ч гэсэн эдийн засаг тэнцвэрт оршин байж болдог гэсэн өөрийн дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өөрөө өөрийгөө бүрэн зохицуулж чаддаггүй аж.
Ажилгүйдлийн шалтгааныг ДЖ.М.Кейнс хөдөлмөрийн эрэлт буурмагц түүнийг дагаад цалин тэр дариудаа буурч чаддаггүйтэй холбон авч үзсэн байдаг. Иймд ажилгүйдлийг бууруулахын тулд засгийн газар зардлаа нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг урамшуулах хэрэгтэй гэж сургасан байдаг юм. Ийнхүү нийт эрэлт нэмэгдсний хариуд пүүсүүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажлын байруудыг бий болгох учир ажилгүйдэл хорогдон, эдийн засаг бүхэлдээ өсдөг байна. Ингэхлээр эдийн засаг дахь төрийн оролцоо нь бүрэн ажил эрхлэлтийг ханган эдийн засгийг өсөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Энэ бол Кейнсийн онолын сонгодог онолоос ялгагдах нэг онцлог нь билээ. Кейнсийн онол өнгөрсөн зууны 70-аад оныг хүртэл давамгайлж, улс орнуудын макро эдийн засгийн бодлогын үндэс нь болж байсан. Гэтэл 1970-аад оны үеэс эхлэн ажилгүйдэл, инфляци хоёр нэгэн зэрэг нэмэгдэх болсон нь эдийн засаг дахь төрийн үүргийг эргэх харах шаардлагыг бий болгожээ. Энэ нь сонгодог онол шинэ нөхцөлд дахин сэргэх боломжийг бүрдүүлсэн байна.
Шинэ сонгодог онол.
Шинэ сонгодог онол нь өнгөрсөн зууны 70-аад онд үүсэн бий болж 1980-аад оныг хүртэл нөлөө бүхий байжээ. Энэхүү онолын гол төлөөлөгчдөөр R.Barro, R.Lucas, T.Sargent, E.Prescott, N.Wallace нэрлэж болох юм.
Шинэ сонгодог онол нь хувь хүмүүс байнга рациональ хөдлөлтэй байдаг учраас нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүнд тэр дороо дасан зохицох чадвартай байдаг хэмээн үздэг. Иймд төрөөс эдийн засагт оролцох нь түүний үйл ажиллагаанд садаа болж муутгадаг.
Шинэ сонгодогуудын үзэж байснаар бол цалин, үнэ зээлийн хүү зэрэг нь уян хатан боловч зах зээлийн өөрчлөлтөд агшин зуур дасан зохицоход нь мэдээллийн тархалтын хурд, зан заншил, тухайн нийгмийн байдал зэрэг хүчин зүйлс садаа болдог. Гэхдээ хэрэглэгчид ханамжаа, пүүсүүд ашгаа хамгийн их болгохыг зорихдоо тухайн үед байгаа мэдээллийг дээд зэргээр ашиглаад ирээдүйн талаарх таамаглалаа гаргадаг. Ийм учраас эдийн засгийн харилцаанд оролцогч субъектуудын ирээдүйн талаарха хүлээлт нь ямагт оновчтой байдаг хэмээн үздэг. Үүнтэй холбоотойгоор шинэ сонгодог онолын энэ урсгалыг оновчтой хүлээлтийн онол ч гэж бас нэрлэх нь бий.
Шинэ сонгодог онолын үзэл санааг АНУ, Их Британийн засгийн эрхийг 1980-аад оны үед барьж байсан Р.Рейган, М.Тетчер нар өөрсдийн явуулж байсан эдийн засгийн бодлогодоо өргөн ашигласан нь уг онол түгэн дэлгэрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм билээ.
Эдийн засагт төрийн гүйцэтгэх үүрэг, ролийн талаарх онолын маргаан ийнхүү шинэ сонгодогуудын үзэл баримтлалын дагуу шийдэгдчихээгүй бөгөөд 1980-аад оноос төр эдийн засагт идэвхтэй оролцох хэрэгтэй гэсэн үзэл санааг дэмжсэн онолын урсгал үүссэн бөгөөд үүнийг Шинэ Кейнсийн онол гэж нэрлэдэг.
Шинэ Кейнсийн онол.
Энэхүү онолын гол төлөөлөгчид нь George Akerlot, Janet Yellen, David Romer, Oliver Blanchard, George Mankiw, Larry Summers, Ben Bernanke нар юм. Шинэ Кейнсчүүд Кейнсийн үзэл баримтлалыг яг хуулбарладаггүй ч төр эдийн засагт оролцсоноор түүнийг үр ашигтай ажиллуулж чадна хэмээн үздэг. Шинэ кейнсчүүдийн үзэж байгаагаар эдийн засаг нь өөрөө өөрийгөө бүрэн зохицуулж чаддаггүй. Учир нь зах зээлийн нөхцөл байдлийг дагаад цалин, үнэ өөрчлөгдөхөд багагүй хугацаа зайлшгүй шаардагддаг байна. Үүний улмаас эдийн засгийн тэнцвэр алдагдаж, улмаар хэлбэлзэл үүсдэг аж. Энэхүү хэлбэлзлийг зах зээлийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх бололцоогүй учраас төрийн оролцоо зайлшгүй болдог байна.

3 comments:

  1. Баярлалаа их хэрэгтэй мэдээлэл байна.

    ReplyDelete
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete
  3. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์:

    ReplyDelete