Санхүү гэдэг нэр томьёо нь хэзээ, хаанаас, хэрхэн үүссэн тухай нэгдсэн нэг ойлголт одоогоор байдаггүй байна. Зарим ном хэвлэлд бичсэнээр энэ үг нь латин хэлний financia буюу арилжааны орлого, төлбөр гэсэн утгатай үг бөгөөд 13 дугаар зууны үед Италид хэрэглэгдэх болсон тухай дурдсан байдаг. Мөн санхүү гэдэг нэр томъёог анх шинжлэх ухаанд хэн гаргаж ирсэн гэдэг нь тодорхой бус байна. Францын эрдэмтэн Ж.Боден гэдэг хүн 1577 онд “Улсын тухай зургаан ном” нэртэй ном бичиж, түүндээ улс болон аж ахуйн харилцааны бусад субъектүүдийн хоорондын харилцааг санхүү гэдэг нэрээр илэрхийлсэн байжээ. Үүнээс үндэслэн санхүү гэдэг нэр нь Францаас гаралтай гэж үзэх хандлага нэлээд давамгайлсан юм.
Санхүүгийн тухай шинжлэх ухааны анхны ном нь 1766 онд Ф.Юсти “Санхүүгийн аж ахуйн систем” нэртэй номоо хэвлүүлжээ. Энэ хүнийг санхүүгийн тухай шинжлэх ухааны эхлэлийг тавьсан хүн гэж үздэг. Мөн үүний дараагаар Австрийн Сангийн яамны сайд И.Зонненфельс “Худалдаа, санхүү, цагдаагийн үндсэн эхлэл” хэмээх номыг 1768 онд бичжээ. Ийнхүү санхүүгийн тухай шинжлэх ухааны үзэл бодол, үндэслэл бий болон хөгжиж, 19 дүгээр зуун гэхэд бие даасан шинжлэх ухааны салбар болж чадсан байна.
Өнөө үеийн санхүү гэсэн нэр томъёоллын мөн чанар нь зах зээлийн харилцааны хөгжлийн нөхцөлд төрийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр түүний хэрэгцээнд шаардагдах санхүүгийн нөөцийг бий болгох зорилтоос урган гарч байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн мөн чанар, гүйцэтгэх үүрэг, түүний хамрах таваар мөнгөний харилцааны хүрээ нь гагцхүү нийгмийн тогтолцооны эдийн засгийн бүтэц, төрийн гүйцэтгэх үүргээс шууд шалтгаална.
Санхүү нь нийгэм анги, давхарга болж хуваагдан улмаар төр үүсэх явцад бий болсон түүхэн категори юм. Феодалын нийгмийн үед таваар мөнгөний харьцаа сайн хөгжөөгүй улс орон өөрийн хэрэгцээнд төвлөрүүлэх хөрөнгийг гол төлөв биет байдлаар бараа эд хөрөнгөөр авдаг байсан тул санхүүгийн үүрэг бага байжээ. Харин капитализмын үед таваар мөнгөний харилцаа өргөжиж, санхүү нь үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцааг илэрхийлэх болсон байна.
Энэ бүхнээс үзэхэд санхүү үүсч, түүний тухай ойлголт бий болоход дараах бодит хүчин зүйлүүд нөлөөлсөн байна. Үүнд:
- Нийгмийн хөдөлмөрийн хуваарь бий болж, нийгэм хэсэг бүлэгт хуваагдсан,
- Улс бий болж, төрийн гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн,
- Үйлдвэрлэл өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогын хэмжээ нэмэгдэж, таваар мөнгөний харилцаа гүнзгийрэх болсон,
- Эдийн засгийн харилцаанд бие дааж оролцох чадвартай аж ахуйн нэгжүүд гарч ирж, материаллаг үйлдвэрлэл явуулах мөнгөн хөрөнгийг бий болгох болсон.
Таваар мөнгөний харилцаа эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэл өсч, капиталын төвлөрөл ихсэж, төрийн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх болсон бөгөөд 19 дүгээр зуунаас санхүү нь эдийн засгийн тодорхой харилцааг илэрхийлсэн чухал салбар болжээ.
Мөнгөн хөрөнгийн нөөцийг бий болгох, хуваарилах, зарцуулах болсонтой холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны онцгой хэлбэрийг санхүү нь гэнэ. Санхүү нь зөвхөн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн ба төвлөрсөн бус сангуудыг бий болгох, ашиглахтай холбоо бүхий эдийн засгийн харилцааг хэлнэ.
Эдийн засгийн энэ харилцаа нь улс болон аж ахуйн нэгж, иргэдийн хооронд үүсэх мөнгөн хөрөнгийн урсгал хөдөлгөөнийг зохицуулна. Өөрөөр хэлбэл улс болон аж ахуйн нэгж, иргэдийн хооронд үүсэх санхүүгийн харилцаа нь улсын төвлөрсөн сан болох төсвийн орлогыг бүрдүүлэх, зарлагыг хуваарилах ажиллагааг зохицуулахад чиглэгдэнэ. Харин аж ахуйн нэгж хооронд болон иргэдтай харьцах явцад гарч байгаа санхүүгийн харилцаа нь төвлөрсөн бус сан болох тухайн нэгжийн ашиг, орлогыг бүрдүүлэх, хуваарилах, татвар төлөх, хамт олныг шагнах урамшуулах зэрэг хэлбэрээр илэрнэ.
Хоёр улсын засгийн газар хоорондын санхүүгийн харилцаа нь нэг нь нөгөө улсдаа санхүүгийн зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх татвар хураамжийн асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах зэргээр улс дамжсан мөнгөн хөрөнгийн гүйлгээний явцад үүснэ.
Санхүүгийн харилцааны субъект нь улсын төвлөрсөн сангийн хувьд улс, төвлөрсөн бус сангийн хувьд аж ахуйн нэгж, иргэд юм. Улсын төвлөрсөн сан нь улсын төсөв, тэтгэвэрийн сан, нийгмийн даатгалын сан, хөрөнгийн бирж зэргээс бүрдэнэ. Иймээс нэг талаас улс, нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдийн хооронд үүсэх санхүүгийн харилцааны үндсэн дээр улсын төсөв болон бусад төвлөрсөн сангууд бүрдэж, түүнийг үр ашигтай байршуулах, хуваарилах үйл ажиллагаа явагдаж байна.
Төвлөрсөн бус сангийн гол субъект болох үйлдвэр, аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн харилцаа нь тухайн субъект дотроо явагддаг онцлогтой юм. Төвлөрсөн бус сан нь үндсэндээ хуримтлал, хэрэглээний болон нөөцийн фондоос бүрдэнэ. Үйлдвэрийн газрын ашгийг хуваарилахтай холбогдсон дараах санхүүгийн харилцаа явагдах бөгөөд энэ нь ашгаасаа төсөвт татвар, хураамж, банкинд зээлийн өр, хүүгийн төлбөр төлж, үлдэх хэсгийг өөрийн үзэмжээр зарцуулах эрхтэй. Үүнд юуны өмнө үйлдвэрлэлийг өргөтгөх, нийгмийн арга хэмжээг санхүүжүүлэх, хувьцааны ноогдол ашгийг төлнө. Мөн ашгийн тодорхой хэсгийг хуримтлалын болон хэрэглээний сангуудыг зузаатгах, нөөцийн санд шимтгэх ёстой. Үүнээс үзэхэд санхүүгээр дамжиж үйлдвэрийн эдийн засгийн гол асуудлууд шийдвэрлэгдэж байна.
Иргэдийн хувьд ч мөн адил гэр бүлийн (өрхийн аж ахуйн) хүрээнд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцаа явагдаж байна.
Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн харилцаа нь эдийн засгийн дараах хоёр хүрээг хамаарч байна.
- Улсын төвлөрсөн сан болох төсөв болон засгийн газрын мэдлийн сангуудад мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх болон зарцуулахтай холбогдсон эдийн засгийн мөнгөний харилцаа,
- Төвлөрсөн бус мөнгөн хөрөнгийн сан болох үйлдвэрийн гакрын болон өрхийн аж ахуйн мөнгөн хөрөнгийн гүйлгээний эдийн засгийн мөнгөний харилцаа юм.
Санхүү нь мөнгөний харилцааны салшгүй хэсэг бөгөөд эдийн засгийн харилцаанд мөнгөний харилцааны эзлэх хувийн жин, байр сууринаас түүний гүйцэтгэх үүрэг нь ихээхэн хамаарна. Гэвч мөнгөний харилцаа болгон санхүүгийн харилцааг илэрхийлэхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гүйцэтгэх үүрэг, мөн чанарын хувьд санхүү нь мөнгөнөөс ялгаатай. Мөнгө нь өртгийн түгээмэл хэмжигдэхүүн, гүйлгээний болон төлбөрийн хэрэгслэл байдаг бол санхүү нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах эдийн засгийн хэрэгслэл, мөнгөн хөрөнгийг бий болгох, зарцуулахад хяналт тавих хэрэгслэл болдог байна. Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ борлогдож, мөнгөн хөрөнгө болох үед мөнгөний харилцаа нь санхүүгийн харилцаа болж хувирна.
Санхүүгийн гол зорилго нь мөнгөн хөрөнгийг бий болгох, төвлөрүүлэх замаар улсын болоод үйлдвэрлэлийн газрын мөнгөн хөрөнгийн хэрэгцээг хангаж, хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж олгох явдал юм.
Мөнгөн хөрөнгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус сангуудыг бүрдүүлэх, зарцуулах эдийн засгийн үндэс нь нийгмийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл учраас эдгээр сангууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг.
Санхүүгийн харилцааны үндсэн дээр бий болж, зарцуулагдаж байгаа мөнгөн хөрөнгийн сан нь мөнгөөр хэмжигдэж нийгмийн үнэлгээтэй болдог онцлогтой бөгөөд үүнд л санхүүгийн мөн чанар оршиж байгаа юм өөрөөр хэлбэл санхүүгийн материаллаг үндэс нь үйлдвэрлэл мөн. Үйлдвэрлэл унах, зогсох нь улсын болоод аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн харилцааны үндэс нь материал баялгийн үйлдвэрлэл юм.
Нийгмийн эдийн засгийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр санхүүгийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэн ирсэн байна. Ялангуяа дэлхийн нэгдүгээр дайны дараа үеэс капиталист улсуудад төрийн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж, шинэ зах зээлийн төлөө тэмцэл өргөжихийн хэрээр төсвөөр дамжуулах хуваарилах хөрөнгийн хэмжээ өссөн байна. Мөн 1950-иад оноос эрч хүчээ авсан капиталист үйлдвэрлэлийн харилцаа нь аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйцэтгэх үүргийг шинэ шатанд гаргасан юм. Сайн зохион байгуулсан санхүүгийн менежмент, санхүүгийн хяналт, санхүү-бүртгэл тооцооны ажил нь эргээд үйлдвэрлэлийг үр ашигтай удирдах чухал хүчин зүйл болсон юм. Энэ бүхнээс үзэхэд санхүүгийн мөн чанар, түүний хамрах хүрээ гүйцэтгэх үүрэг нь тухайн үеийн төрийн үүрэг, нийгмийн эдийн засгийн харилцааны хөгжлийн түвшингээр тодорхойлогдож байна.
Санхүү нь эдийн засгийн чухал хөшүүрэг болохын хувьд үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээнд хүчтэй нөлөө үзүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилах эдийн засгийн хэрэгслэл нь санхүү мөн. Материаллаг агуулгын хувьд санхүү нь улсын санхүүгийн нөөц болох тодорхой зориулалтын мөнгөн хөрөнгийн сангийн хэлбэртэй банйа. Гэхдээ санхүүгийн нөөц нь өөрийн байгаа хэлбэрээрээ санхүүгийн мөн чанарыг тодорхойлж, дотоод агуулгыг илэрхийлж чаддаггүй. Санхүүгийн тухай шинжлэх ухаан нь санхүүгийн нөөцийг биш харин санхүүгийн нөөцийг бий болгох, хуваарилах, ашиглах явцад үүсэх нийгмийн харилцааг судлана.
Санхүүгийн харилцааны субъектуудыг үндэслэн санхүүг улсын үйлдвэрлэлийн газрын, өрхийн аж ахуйн, олон улсын гэж ангилна. Улсын дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцааны тогтолцоог улсын санхүү гэнэ. Улсын санхүү нь төрийн оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн үндэс мөн. Төрийн санхүүгийн бодлого нь улсын төсвөөр дамжин хэрэгжинэ. Улсын төсвийн идэвхтэй бодлого явуулах замаар нийгмийн өмнө тавигдаж байгаа хурц асуудлыг шийдвэрлэхээс гадна бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах, эдийн засгийн өсөлтийг хангах, ард түмний аж амьдралын түвшинг дээшлүүлэх зэрэг бодлогын шинж чанартай зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Үйлдвэрийн газрын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн хэрэгцээг хангахад шаардагдах хөрөнгийг бий болгох, үр ашигтай зарцуулахтай холбогдсон санхүүгийн харилцаа нь үйлдвэрийн газрын санхүүгийн үндсэн зарчмыг тодорхойлно. Үйлдвэрлэлийн газрын санхүүгийн төлөвлөгөө (бизнес төлөвлөгөө)-нд түүний эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх, үр ашигтай зарцуулах, санхүү, төлбөрийн чадварыг сайжруулах, өмчийг хамгаалах, арвижуулахтай холбогдсон бүх асуудал тусгалаа олсон байдаг. Үйлдвэрийн газрын санхүүг өмчийн харьяаллаас хамааруулан улсын, хувийн, хамтын өмчийн гэж ангилж болно.
Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд шинэ зах зээл, ажлын фронтын төлөө үйлдвэрийн газруудын хооронд ширүүн өрсөлдөөн явагддаг бөгөөд түүнийг давж гарах нэг гол арга зам нь үйлдвэрийн газрын санхүүгийн оновчтой бодлого байдаг байна. Мөн зах зээл хөгжсөн орнуудад үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх, шинэчлэхтэй холбоотой том асуудлыг гагцхүү сайн бодож боловсруулсан санхүүгийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлдэг болсон байна.
Цар хүрээгээр бага ч гэсэн өрхийн аж ахуйн санхүү нь улсын санхүүгийн системд чухал байр эзэлдэг. Зах зээлийн харилцаа гүнзгийрэх тутам хувийн буюу өрхийн аж ахуйн нийгэмд гүйцэтгэх үүрэг өсч иржээ. Өрхийн аж ахуй нь худалдан авах чадвар бүхий эрэлтийг бий болгож, зах зээлийг бараа, үйлчилгээ, ажиллах хүчнээр хангахад чухал үүрэг гүйцэтгэх болж, түүний санхүүгийн ач холбогдол өсч байна. Иймээс аль ч оронд өрхийн аж ахуйг дэмжих талаар төрөөс их анхаарал тавьдаг.
Дэлхийн улс хоорондын харилцааны валют, санхүү, зээл, төлбөр тооцооны салбар дахь хамтын ажиллагаа нь олон улсын санхүүгийн үндэс юм. Хамтын ажиллагааны хүрээнд улс хооронд хэрэгжиж байгаа зээл, худалдааны төсөл, арга хэмжээ түүнийг даган явагдаж байгаа мөнгөний урсгал, олон улсын валютын систем зэрэг нь олон улсын валютын систем зэрэг нь олон улсын санхүүгийн судалгааны объект юм.
Санхүүгийн харилцаа нь эдийн засгийн мөнгөний харилцааны дараах хоёр хүрээг хамарч байна. Үүнд:
- Өмчийн олон хэлбэрийн үйлдвэрийн газрын болон өрхийн аж ахуйн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн бус сангийн бүрдэлт, зарцуулалтын харилцаа,
- Улсын төвлөрсөн хэрэгцээний мөнгөн хөрөнгийн талаар төсвийн хүрээнд үүсэх санхүүгийн харилцаа.
Санхүүгийн харилцааны явцад санхүүгийн субъектүүдэд санхүүгийн нөөц бий болох бөгөөд түүний эх үүсвэр нь дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлого мөн. Иймд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүч чадал, нөөцийг бүрэн ашиглах, материал түүхий эдийг хэмнэлттэй зарцуулах, зардал хэмнэх, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт түлхүү оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд дэмжих зэрэг арга хэмжээ авах нь санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх гол арга зам юм.
Эх сурвалж:
Д.Моломжамц "Санхүү, мөнгө-зээлийн харилцаа" 2008он
Эх сурвалж:
Д.Моломжамц "Санхүү, мөнгө-зээлийн харилцаа" 2008он
Амжилт амжилт амжилт урагшаа !!!
ReplyDeleteБаярлалаа. Чамд ч гэсэн амжилт!!!
ReplyDeleteSain baina.
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ReplyDelete