Арилжааны банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц нь шаталсан хэлбэртэй байдаг ба хэрвээ хувь нийлүүлсэн бол хувь нийлүүлэгчдийн хурал нь арилжааны банкны дээд удирдлага болдог.
Энэ хурал нь банкны дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, дүрмийн сан, түүнд оруулах өөрчлөлт, хувь нийлүүлэгч, банкны удирдлагын болон дотоод хяналт шалгалтын зохион байгуулалтын бүтэц, эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлж бүрэн эрхийн хугацааг тогтоох, мөн банкны жилийн орлого, зарлагын төсөв, жилийн тайлан тэнцэл, ашиг алдагдлын тайлан, ашгийн хуваарилалтыг батална. Төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод хяналтын албыг байгуулах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
Дотоод хяналтын алба нь банкны өөрийн бүхий л үйл ажиллагаа, дүрэм журам, зааврыг хэрэгжиж байгаа эсэх талаар хяналт тавин ажилладаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны захирлыг томилон үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Гүйцэтгэх захирал нь хууль эрхзүйн хүрээнд банкны өдөр тутмын ажлыг удирддаг байна.
Банкны зөвлөл: Банкны мөнгө зээлийн бодлогыг тодорхойлох, банкны захирлыг томилох, банкны салбар төлөөлөгчийн газар байгуулах татан буулгах зэрэг асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл зарим банк нь банкны зөвлөл байгуулалгүйгээр банкны захирал нь дээрх үүргийг биелүүлж байдаг.
Арилжааны банкны ангилал
Манай улсад арилжааны банк нь доорх төрлөөр зохион байгуулагдаж байна.
1. Дүрмийн сангийн өмчлөлөөр нь:
- Төрийн өмчийн
- Хувийн өмчийн
- Xолимог гэж ангилна.
2. Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр нь:
- Хувьцаат банк: Нэг бүрийн нэрлэсэн үнэ бүхий, тодорхой тоо хэмжээний хувьцаанаас бүрдсэн дүрмийн сантай, хувьцаа эзэмшигч нь захиалсан хувьцааныхаа нийт үнийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг банкийг хувьцаат банк гэнэ.
- Хязгаарлагдмал хариуцлагатай банк нь хувьцаа гаргах эрхгүй байдаг.
3. Банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нь:
- Нийтлэг
- Төрөлжсөн гэж 2 ангилна.
Энэ нь тухайн банкны эрхэлж буй үйл ажиллагааных нь хүрээгээр ангилж байгаа ангилал юм. Манай улсын хувьд ихэнх банкууд нийтлэг төрлийн үйл ажиллагааг эрхэлж байна.
Арилжааны банкийг олон улсын практикт янз бүрийн үзүүлэлтүүдийг үндэслэн хэд хэдэн төрлөөр ангилж үздэг. Тухайлбал, хөрөнгийг өмчилж буй орноор нь, газарзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах байдлаар нь, салбарын төрөлжилтөөр нь, үйл ажиллагааных нь үүргээр нь, хамаарах зэрэглэлээс нь шалтгаалж, үүслийн хувьд, төрөлжилтийн үүргээр нь, үйл ажиллагааных нь шинж чанараар, үүсгэн байгуулалтын хэлбэрээр нь мөн өмчийн хэлбэрээс нь хамаарч гэх мэтээр ангилдаг.
Эх сурвалж:
Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” 2008он
No comments:
Post a Comment