Арилжааны банкны тайлан тэнцэл нь банкны бус бизнесийн байгууллагынхаас нэлээд өөр байдаг.
Банк нь санхүүгийн зуучлагч байгууллага учраас түүний ашигт ажиллагаа нь тайлан тэнцлийн санхүүгийн бүтцээс нягт хамааралтай байдгаараа санхүүгийн бус байгууллагуудаас онцлог юм.
Бизнесийн байгууллага ба арилжааны банкны тайлан тэнцлийн харьцуулалт
Компани | Банк | ||
Эргэлтийн актив | Актив | ||
Банкны харилцах | 5.00% | Бэлэн мөнгө + Үнэт цаас | 15.67% |
Авлага | 16.40% | Зээл | 60.84% |
Бараа материалын үнэ бүхий зүйлс | 26.00% | Арилжааны активууд | 12.74% |
Урьдчилж гарсан төлбөр | 2.60% | ||
Нийт эргэлтийн хөрөнгө | 50% | ||
Цэвэр үндсэн хөрөнгө | 37.90% | ||
Бусад активууд | 12.10% | Бусад активууд | 12.75% |
Нийт актив | 100.0% | Нийт актив | 100.0% |
Эргэлтийн пассив | Пассив | ||
Банкны зээл | 3.40% | ||
Урсгал өрүүд | 4.50% | ||
Өглөг | 20.70% | Өглөг | 75.89% |
Хойшлогдсон өр | 9.30% | Эргэлтийн пассив | 12.41% |
Нийт эргэлтийн пассив | 37.90% | ||
Урт хугацаат өр | 27.70% | Өрийн бичгүүд | 5.25% |
Хойшлогдсон татвар | 1.50% | ||
Бусад | 1.60% | Зээлийн капитал | 2.24% |
Капитал | 31.30% | Капитал | 4.21% |
Нийт эх үүсвэр | 100.0% | Нийт эх үүсвэр | 100.0% |
- Хөрөнгө болон эх үүсвэрийг урт ба богино хугацаагаар ялгахгүй,
- Санхүүгийн хөшүүргийн зэрэг илүү өндөр,
- Богино хугацааны төлбөрийн чадвар өндөр,
- Дебет ба кредит нь хамгийн чухал 2 бүрдэл хэсэг болдог.
Арилжааны банкны тайлан балансын нэгтгэл
Арилжааны банкны тайлан балансын нэгтгэл
№ | Актив | № | Пассив |
1. | Касс | 1. | Аж ахуйн нэгжийн харилцах дансны үлдэгдэл |
2. | Монгол банкин дахь харилцах | 2. | Хадгаламж (байгууллага, иргэд) |
3. | Зээл | 3. | Монгол банкнаас авсан зээл |
4. | Үндсэн хөрөнгө | 4. | Хөрөнгө (дүрмийн сан) |
5. | Бусад актив | ||
Баланс | Баланс |
Банкны актив, пассивыг дотор нь задлан авч үзвэл эрсдэлийн хүчин зүйлүүд нь илүү тодорхой харагддаг.
Банкны санхүүжилтийн бүтцийн эрсдэлийг илүү тодорхой болгохын тулд банкны зээл ба депозитийг хугацааны хувьд задлан шинжлэх хэрэгтэй болдог. Банкны актив ба пассивын хугацаа хоорондоо тохирохгүй учир энэ нь банкны үйл ажилллагаанд дараах төрлийн эрсдэлийг бий болгодог. Үүнд:
- Богино хугацааны төлбөрийн чадварын эрсдэл,
- Зээлийн хүүгийн эрсдэл,
- Валютын ханшны эрсдэл юм.
Банкны актив, пассивын бүтэц нь:
- Ашигт ажиллагаанд хүчтэй нөлөөлнө.
- Банкны үйл ажиллагаанд учрах янз бүрийн эрсдэлд нөлөөлнө.
- Ашигт ажиллагааг нэмэгдүүлэх болон тайлан тэнцлийн зохистой харьцааг бий болгох идэвхитэй удирдлагыг шаардана.
- Дотоодын болон гадны зохицуулалтын шаардлагуудыг хангахын тулд тогтмол хяналтыг бий болгох шаардлагатай.
Арилжааны банкны орлогын үндсэн хэсэг нь банкны уламжлалт үүрэг болох санхүүгийн зуучлал буюу хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг татан авч зээлдэгч нарт олгох зээлээс бүрдэж байдаг.
Арилжааны банкны орлогын гол эх үүсвэрт:
- Хүүгийн орлого,
- Шимтгэл, хураамж буюу хүүгийн бус орлого,
- Диллерийн үйл ажиллагаанаас бий болох ашиг орно.
Хүүгийн орлого
Хэдийгээр хүүгийн орлого ба зарлагын хэмжээ жил бүр нэлээд хэмжээгээр өөрчлөгдөх боловч хүүгийн цэвэр орлогын өөрчлөлт харьцангуй бага хэмжээтэй байдаг. Хүүгийн бодит хувь хэмжээнд нөлөөлөх дараах гадаад хүчин зүйлс байдаг. Үүнд:
- Инфляцийн хүлээлт,
- Засгийн газрын бодлого,
- Мөнгөний нийлүүлэлт,
- Валютын ханшны өөрчлөлт,
- Төлбөрийн чадварын байдал зэрэг юм.
Хэрвээ гадаад нөхцөл байдал хэвийн тогтвортой байвал хүүгийн орлого ба зарлагын хэмжээ нь эдийн засгийн орчноосоо хамааран өсч буурах болно. Хатуу тогтоосон ба хөвөх хүүтэй актив, пассивын өгөгдсөн тодорхой хольцлын хувьд банкинд хамгийн чухал нь олж авч буй ба төлж байгаа хүүгийн хоорондох ахиуц хэмжээ юм. Үүнийг хүүгийн цэвэр орлого хэмээн нэрлэдэг. Хүүгийн цэвэр орлогод дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд:
- Зээлийн хүүгийн нийт түвшингийн өгсөх буурах хандлага,
- Харилцагчийн дансан дахь чөлөөт үлдэгдлийн хэмжээ зэрэг юм.
Хүүгийн ахиуц хэмжээг удирдан зохицуулах нь банкны мөнгө санхүүгийн албаны үүрэг бөгөөд үүнийг хэр зэрэг оновчтой хийхээс банкны ашигт ажиллагаа ихээхэн хамаарч байдаг.
Шимтгэл хураамжийн орлого буюу хүүгийн бус орлого
Янз бүрийн үйлчилгээнээс олох шимтгэл, хураамжийн орлогын хэмжээ нь тайлан тэнцлийн хэмжээтэй шууд уялддаггүй байна. Хүүгийн бус орлогын хэмжээнд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгаас заримыг нь дурдвал:
- Банкны захирлын зөвлөлөөс тодорхойлсон бодлого стратеги,
- Тодорхой эрсдэл агуулсан санхүүгийн үйлчилгээнүүдийг эрхлэх банкны сонирхол ба боломж,
- Өрсөлдөх чадвартай хүүгийн бус орлого авчрах үйлчилгээнүүдийн хэмжээ, төрөл,
- Үйлчилгээг нийтэд хүргэх системийн үр ашигтай байдал,
- Суурь капиталын хэмжээ зэрэг болно.
Хөрөнгийн өгөөжийн хэмжээг хангалттай түвшинд хүргэхийн тулд банк нь эрсдэлийг хамгийн бага түвшинд, хүүгийн бус өгөөжийг аль болох нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Үйлчилгээг зах зээлд гаргах системийг боловсронгуй болгохын тулд ихэнхдээ урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг бөгөөд энэхүү хөрөнгийг дараах замаар олж авч болох юм. Үүнд:
- Ашгаас хөрөнгө хуваарилах,
- Шинээр хувьцаа гаргах,
- Зээлийн хөрөнгө олж авах,
- Бонд гаргах,
- Хөвөх хүүтэй өрийн бичгүүд гаргах зэрэг болно.
Диллерийн үйл ажиллагааны ашиг
Энэ нь банк өөрийн хөрөнгөөр, эсвэл харилцагчийн нэрийн өмнөөс гадаад валютын, мөнгөний, үнэт цаасны, уламжлагдсан зах зээл дээр хийх арилжаа, гүйлгээнээс бий болох ашиг юм. Банкны орлогын эдгээр гурван үндсэн бүрдэл хэсгийн хэмжээ нь дараах хүчин зүйлүүдээс ихээхэн хамаарна. Үүнд:
- Харилцагчид,
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хэмжээ, шинж чанар,
- Мэдээллийн технологи, ажиллах хүчний оролцоо, хөрөнгө оруулалт шаардагдах бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чадвар,
- Зээлжих өндөр чадвар,
- Найдвартай суурь капитал зэрэг орно.
Санхүүгийн зах зээл нь олон улсын шинж чанартай, маш өндөр хурдацтай, ахиуц хэмжээ багатай болсон өнөө үед өгөөжийг нэмэгдүүлэх ямар нэгэн боломж гармагц л түүнрүү хөрөнгө их хэмжээгээр урсах болсон. Иймээс төлбөрийн чадварын өндөр түвшинг хангахын сацуу тодорхой хэмжээний эрсдэлийг хийж банкны мөнгөн хөрөнгийг оновчтой удирдан, түүнд хяналт тавих үүрэг хариуцлага банкны мөнгө, санхүүгийн албанд ноогддог.
No comments:
Post a Comment